ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХЭВИЙН АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид, дүүргийн СӨХ болон аж ахуйн нэгжийн удирдлагуудын оролцоотой уулзалтыг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)-аас зохион байгууллаа.
Уулзалтаар орон сууцны инженерийн дэд бүтцийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахад тулгамдаж буй асуудал, шугам сүлжээний насжилт, иргэдээс ирүүлж буй гомдол мэдээлэл болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.



ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ НАСЖИЛТ НОЦТОЙ АСУУДАЛ БОЛЖ БАЙНА
Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны ашиглалт, үйлчилгээний чиглэлээр нийт 62 контор ажиллаж байгаагаас 61 нь хувийн хэвшлийн байгууллага байна.
Эдгээр байгууллага нь олон жилийн насжилттай инженерийн шугам сүлжээний ашиглалт, хэвийн ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 1,500 км шугам сүлжээ байдгаас 799 км буюу талаас илүү хувь нь 25-аас дээш жилийн насжилттай, ашиглалтын хугацаа дууссан гэсэн тооцоо гарсан байна.



БГД-Т 40 МЯНГА ГАРУЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ
Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт иргэд, хэрэглэгчдэд үйлчлэх 5 төв ажиллаж байна.
2026 оны эхний 8 сарын байдлаар тус төвүүдэд нийт 41,807 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, дуудлага бүрийг шалган, холбогдох арга хэмжээ авч шийдвэрлэн ажиллаж байна.
ШУГАМ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ...
2025–2026 онд ОСНААУГ-аас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 5 байршилд нийт 501.2 урт метр трассын урттай 5 хос шугамыг шинэчлэн солих ажил хийж хэрэгжүүлээд байна.
Энэ нь иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг сайжруулахад чиглэж байна.
ЭЗЭН, ХАРИУЦАГЧГҮЙ КАБЕЛЬ УТАСНУУДЫГ ЦЭГЦЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1,234 эзэн, харьяалалгүй кабель утас бүртгэгдсэнээс 217 нь Баянгол дүүрэгт байна.
Эдгээр эзэн, харьяалал нь тодорхойгүй кабель утас нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна инженерийн дэд бүтцийн ашиглалт, аюулгүй байдалд хүндрэл учруулж болзошгүй тул цаашид холбогдох байгууллагууд хамтран цэгцлэх шаардлагатай байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААГ БОДИТОЙ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ
Уулзалтаар ОСНААУГ, Баянгол дүүргийн ИТХ, СӨХ болон аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, иргэдийн санал хүсэлт, гомдол мэдээлэлд шуурхай хариу өгөх, инженерийн дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал нэгдлээ.








Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга байна.