2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ДЭМЖЛЭЭ

2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ДЭМЖЛЭЭ

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2026 оны наймдугаар сарын 5-ны өдөр ээлжит хуралдаанаа хийж, Баянгол дүүргийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 гаруй айл өрхийг чөлөөлөх асуудлыг зөвшилцөн хэлэлцэв. Тухайн бүс нь үер усны ам дагуу байрладаг бөгөөд газрын зөвшөөрөлгүйгээр суурьшсан айл өрхүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, оронд нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбай байгуулахаар төлөвлөж байна.

Энэ онд бүтээн байгуулалтын эхний шат болгон 10 га талбайг хашаалж, төслийн нийт ажлын 10 орчим хувийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Цаашид уг төслийг үе шаттайгаар өргөжүүлж, нийт 20 орчим га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэн, хүнс, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, спорт, амралт, чөлөөт цагийн цогцолбор бүхий томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Төслийг хэрэгжүүлснээр тухайн орчмын газрын үнэлэмж нэмэгдэж, иргэдийн амьдрах орчин сайжрах, аялаж амрах, спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүхий шинэ нийтийн эзэмшлийн орон зай бий болохын зэрэгцээ үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй байрласан айл өрхүүдийг цэгцлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэн тогтоолын төсөлд тусгууллаа.

Хуралдааны төгсгөлд тогтоолын төслийг танилцуулж, санал хураалт явуулахад төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэж, Баянгол дүүргийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол батлагдлаа.

Хуралдааны дараа дүүргийн Засаг дарга Ө. Сумъяабаатар дүүрэгт хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал:

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ, БОЛОВСРОЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааны үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон ИТХ-ын дарга П.Өлзийнаран нар газар зохион байгуулалт, дэд бүтэц, боловсрол, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

ҮЕРИЙН АМАНД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БУУСАН АЙЛ ӨРХҮҮДИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ШИЙДВЭРЛЭНЭ

Баянгол дүүргийн онцгой хамгаалалтын бүс болох үерийн усны аманд зөвшөөрөлгүйгээр суурьшсан айл өрхүүдийн 20–30 хувь нь газрын гэрчилгээ, эзэмших эрхгүй бөгөөд дур мэдэн буусан байна. Түүнчлэн уулын эгц налуу хэсэгт, орох гарах гарц шийдэгдээгүй байршилд суурьшсан учраас газрын эрх үүсэх боломжгүй нөхцөл үүсээд байгаа юм.

Иймд иргэдийг хохиролгүйгээр асуудлыг шийдвэрлэх, дүүргийн дэд бүтцийг цэгцлэх, талуудтай харилцан зөвшилцөх, уян хатан байдлаар үе шаттай зохицуулах ажлыг цаашид хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Засаг дарга Ө.Сумъяабаатар онцоллоо.

ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БҮРДЭЖ БАЙНА

Жилд нэг удаа батлагддаг газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хүрээнд цаашид Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт газрын бүх дата мэдээллийг төвлөрүүлж, газар олголтыг илүү нарийвчилсан шалгалтын үндсэн дээр шийдвэрлэх тогтолцоонд шилжиж байгааг мөн мэдээлэв.

НОГООН БАЙГУУЛАМЖ, ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ШИНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд хэрэгжүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл хэрэгжсэнээр тухайн байршлаас нийслэл хотыг 360 градусаар бүхэлд нь тольдон харах боломжтой шинэ амралт, аялал жуулчлалын орчин бүрдэх юм.

ДЭД БҮТЦИЙН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ЭХЭЛЖЭЭ

ИТХ-ын дарга П.Өлзийнаран хуралдааны үеэр Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн хороо болон Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороодыг хамтран улсын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшиж буй айл өрхүүдийг эрэмбэлэн ангилж, асуудлыг үе шаттай шийдвэрлэх чиглэл өгсөн талаар мэдээллээ.

Мөн Засаг дарга Ө.Сумъяабаатар дараах бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. Үүнд:

  • 21 дүгээр хороонд гал унтраах ангийн барилга байгуулах ажил эхэлсэн.
  • Тус хороонд 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга баригдана.
  • Бичил хорооллын эмнэлгийн газрын чөлөөлөлтийн ажил эхэлсэн.
  • 4 км урт дугуйн замын ажлыг газрын алба хэрэгжүүлж байна.
  • 146 дугаар сургуулийн авто замын бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд үүний хүрээнд 7–8 айлыг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсээд байна.

ЗАМ, ЯВГАН ЗАМЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ ӨНДӨР БАЙНА

Нийслэлийн төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр есдүгээр сарын 1-нээс өмнө 18 байршилд авто замын ажил хийхээр төлөвлөснөөс одоогоор 14 байршлын ажил дуусаж, дөрвөн байршлын ажил үргэлжилж байна.

Мөн дүүргийн хэмжээнд авто замын нөхөөсийн ажил үндсэндээ бүрэн дууссан бөгөөд найм, есдүгээр сард явган замын шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗРЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛНА

Дүүрэгт сургууль, цэцэрлэгийн газрын хүрэлцээтэй холбоотой асуудал иргэдийн дунд маргаан дагуулсаар байна.

Тухайлбал:

  • 141 дүгээр сургууль газрын хүрэлцээгүйгээс шалтгаалан дөрвөн ээлжээр хичээллэж байгаа бөгөөд сургуулийн хөлбөмбөгийн талбайд шинэ барилга барих асуудал яригдсан ч иргэд эсэргүүцэж байгаа.
  • Голден Парк орчимд 960 хүүхдийн суудалтай сургууль барихын тулд My Town хотхоны автомашины зогсоолын 50 орчим хувийг ашиглах шаардлага үүссэн нь мөн иргэдийн шүүмжлэл дагуулж байна.
  • Харин Алтай хотхон орчмын сургуулийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна.

Эдгээр газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж чадвал зөвхөн Баянгол дүүрэг төдийгүй нийслэлийн хэмжээнд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон ахиц гарах боломжтойг албаныхан онцоллоо.

НОГООН БАЙГУУЛАМЖ НЭМЭГДЭЖ БАЙНА

Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл 2026 оны наймдугаар сарын 1-ний байдлаар ойролцоогоор 90 хувьд хүрээд байна.

Мөн энэ онд нэг сарын хугацаанд 12 га талбайд зүлэгжүүлэлт хийж, Баянгол дүүргийн ногоон байгууламжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн талаар мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл нийтэд нээлттэй харагдана.

Одоогоор сэтгэгдэл алга байна.